Монгол Улс Бүгд Найрамдах Узбекистан Улсад Элчин сайдын яамаа нээлээ

Монгол Улс энхийг эрхэмлэсэн, нээлттэй, олон тулгуурт, бие даасан гадаад бодлогыг тууштай хэрэгжүүлж, бүс нутагт өрнөж буй худалдаа, эдийн засгийн олон талт үйл явцад идэвхтэй, үр бүтээлтэй оролцохыг эрмэлздэг.

Бүгд Найрамдах Узбекистан Улсад төрийн айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн айлчлалын хүрээнд өнөөдөр (2024.06.24) Монгол Улсын Элчин сайдын яамыг Ташкент хотноо нээлээ. Ерөнхийлөгчийн айлчлалын бүрэлдэхүүнд Монгол Улсын Засгийн газрын тэргүүнийг төлөөлж Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан ажиллаж байгаа бөгөөд Элчин сайдын яамны нээлтийн үйл ажиллагаа болон “Монгол-Узбекистаны бизнес эрхлэгчдийн уулзалт”-д оролцлоо.

Монгол Улс Ташкент хотноо ЭСЯ-аа нээснээр хоёр улсын харилцааг үсрэнгүй хөгжүүлэх, бизнес, аж ахуйн нэгжүүд хооронд нягт холбоо тогтоох, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал түлхэц болно гэдгийг талууд энэ үеэр цохон тэмдэглэв. Узбекистан Улс нь Төв Азийн бүс нутагт Монгол Улс худалдаа, эдийн засгийн харилцаагаа өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал орон бөгөөд 2022 оны 06 дугаар сараас эхлэн хоёр орны иргэд 30 хүртэлх хоног харилцан визгүй зорчиж байна.

Мөн энэ өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Олий Мажлис (Парламент)-ийн Сенатын дарга Танзила Нарбаева бараалхаж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар санал солилцлоо.

 
 
Нийтэлсэн: ulaanbaatarpost.МН

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UlaanbaatarPost.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү