Засгийн газраас мал мах бэлтгэх, нийлүүлэх ажлыг эрчимжүүлэх хүрээнд 100 тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэлээ

Ойрын өдрүүдэд нийт нутгаар цаг агаарын аюултай үзэгдэл тохиож, өвөлжилт хүндэрч, улмаар зудын эрсдэлийг нэмэгдүүлсэнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү нарын хамт Архангай аймагт ажиллаж байна.

Архангай аймгийн 19 сумын хэмжээнд энэ жил 5.6 сая толгой мал өвөлжиж байгаа бөгөөд зэргэлдээх 4 аймгаас олон тооны мал өвөлжиж байгаа нь бэлчээрийн даац 70 хувь хэтэрсэн тус аймагт нөхцөл байдлыг хүндрүүлж буйг Аймгийн Онцгой комиссоос мэдээлэв.

Архангай аймгийн хэмжээнд мах бэлтгэн нийлүүлэх 7 үйлдвэр байдаг ч өдгөө нэг нь хэвийн ажиллаж байгаа бөгөөд цаашид энэ чиглэлийн мэргэжлийн хүн хүч, ажлын байр, техникийн нөхцөлийг сайжруулах төсөв хөрөнгө шаардлагатай байгаа аж.

Өвөлжилт хүндэрсэнтэй холбогдуулан малчдын амьжиргааг дэмжих зорилгоор мал мах бэлтгэл, худалдаа нийлүүлэлт, экспортыг нэмэгдүүлэх зорилгоор Засгийн газраас 100 тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэж, банк, санхүүгийн байгууллагаар дамжуулан малчдын гар дээрээс шууд худалдан авалт хийх үүднээс орон нутгийн Хүнс, Хөдөө аж ахуйн газруудад олгохоор шийдвэрлэлээ.

Засгийн газраас өвлийг хохирол багатай даван туулах, цаг агаарын аюулт болон гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх, гамшгийн үед хариу арга хэмжээ авах чиглэлээр анхаарч, Гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэрэгт шилжүүлэн холбогдох арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд Архангай аймагт Улсын нөөцөөс 316 тонн хивэг, тэжээлийг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр нийлүүлж байна. Мөн цас зудын үед хөдөө орон нутагт туулах чадвар сайтай “Ландкруйзер-78” автомашин нийлүүлэхээр болсны зэрэгцээ Аймгийн Онцгой комисс болон бусад шуурхай албаны бэлэн байдлыг хангахад зориулж 25 тонн дизель түлшийг Улсын нөөцөөс олгохоор шийдвэрлэлээ.

Мөн УОК-оос тэжээлийн хомсдол үүсэхээс сэргийлж, дундын дамжлагагүй үйлдвэрийн үнээр малчдад шууд нийлүүлэх ажлыг зохион байгуулж байгаа тул орон нутгийн түвшинд зохион байгуулалтаа сайжруулахыг аймгийн удирдлагуудад даалгалаа.

Нийтэлсэн: ulaanbaatarpost.МН

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UlaanbaatarPost.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү