Нийслэлийн 2024 оны төсвийн төслийн эхний хэлэлцүүлгийг хийлээ

Нийслэлийн ИТХ-ын ээлжит XX хуралдаан болж,  Нийслэлийн  2024 оны төсвийн төслийн эхний хэлэлцүүлгийг хийлээ.  Ирэх оны төсвийн төслийн танилцуулгыг Нийслэлийн  Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар хийв. Төсөлд нийслэлийн төсвийн орлогыг 2,598.9 тэрбум төгрөг байхаар төлөвлөсөн байна. Энэ нь 2023 оны батлагдсан төлөвлөгөөнөөс 652.8 тэрбум төгрөгөөр буюу 33.5 хувиар, хүлээгдэж буй гүйцэтгэлээс 29.9 хувиар өссөн дүнтэй байна. Төсвийн төслийн тооцоогоор 2024 онд нийслэлийн төсвийн орлогын 93.1 хувь буюу 2.4 их наяд төгрөгийг татварын орлогоор, үлдэх 6.9 хувь буюу 180.4 тэрбум төгрөгийг татварын бус орлогоор бүрдүүлэхээр төлөвлөсөн.

Нийслэлийн 2024 оны төсвийн төсөлд нийт зарлагын 46.3 буюу 1.1 их наяд төгрөгийг урсгал зардалд, 40.3 хувь буюу 964.8 тэрбум төгрөгийг хөрөнгийн зардалд, 3.6 хувь буюу 85.2 тэрбум төгрөгийг дамжуулан зээлийн эргэн төлөлтөд, 0.3 хувь буюу 7.5 тэрбум төгрөгийг хоёр дүүргийн санхүүгийн дэмжлэгт, 9.5 хувь буюу 230.3 тэрбум төгрөгийг Улсын төсөвт төвлөрүүлэхээр тооцжээ. Үүнд төрийн албан хаагчдын цалинг үнийн өсөлттэй уялдуулан нэмэхтэй холбоотойгоор нийслэл, дүүргийн 109 байгууллагын 7087 төрийн албан хаагчийн цалин хөлс, нийгмийн даатгалын шимтгэл, алслагдсан 3 дүүрэг ажиллаж буй төрийн албан хаагч болон соёлын байгууллагын ажилтнуудад олгох тэтгэмж, холбогдох хуулийн дагуу ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, их дээд сургуулийн оюутан, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн суралцагчид нийтийн тээврээр үнэгүй зорчих нөхөн олговрын зардал, нийтийн тээврийн үйлчилгээний машин цагийн зардлын зөрүү санхүүжилт, хот нийтийн аж ахуйн тохижилт үйлчилгээний зардал…зэрэг нь томоохон зардлуудыг эзэлж байна.  Нийслэлийн 2024 оны төсвийн төслийг боловсруулахдаа агаар орчны бохирдлыг бууруулж, гэр хорооллыг орон сууцжуулах, Улаанбаатар хотын холбоос замыг нэмж, авто замын түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийн салбарт цогц шинэчлэл хийх, төр хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлж, хотын эдийн засгийг тэлэх зэрэг бодлогыг баримталсан аж.

Нийслэлийн 2024 оны төсвийн төсөлд хийсэн аудитын дүгнэлтийг энэ үеэр мөн танилцуулав.  Нийслэл дэх төрийн аудитын газрын дарга М.Эрдэнэжаргал нийслэлийн 2024 оны төсвийн төсөлд хийсэн аудитын дүгнэлтийг танилцуулахдаа төсөвлөлтийн шаардлага хангаагүй буюу зураг төсөвгүй, зураг төсөвт магадлал хийгээгүй, газрын зөвшөөрөлгүй зарим хөрөнгө оруулалтын ажил тусгагдсаныг сануулав.  Харин төлөөлөгчдийн хувьд нийтийн тээврийн парк шинэчлэл, агаарын бохирдол, үерийн байгууламж, далан сувгийн шинэчлэл зэрэг нийслэлийн иргэдийн нийтлэг  эрх ашгийг хөндсөн асуудлаар Нийслэлийн Засаг дарга болон бусад ажил хариуцсан албан тушаалтнуудаас тодруулж, хариулт авлаа.  Улмаар төсвийн төсөл  болон түүнийг дагалдан орж ирсэн асуудлуудыг Нийслэлийн ИТХ-ын ажлын хороод болон намын бүлгүүдээр хэлэлцүүлэхээр шилжүүлэв. 

Эх сурвалж: НИТХ-ын ХМТ

Нийтэлсэн: ulaanbaatarpost.МН

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UlaanbaatarPost.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү