“Нэг улс-Нэгдсэн стандарт” үндэсний хөдөлгөөнийг орон даяар эхлүүлсэн нь үр дүнгээ өгч эхэлж байна

Гамшигт үзэгдлийн тоо, давтамж, хамрах хүрээ сүүлийн жилүүдэд тасралтгүй өсөхийн хэрээр гамшгийн улмаас үүсэх хохирлыг урьдчилан тооцоолох, түүнээс сэрэмжлэх, эрсдэлийг даван туулах, дасан зохицох чадавхтай нийгмийг бий болгох нь чухал.

Эрсдэлээс урьдчилан сэргийлэх нэн түрүүний арга хэмжээ бол стандарт мөрдүүлэх явдал учраас “Эрсдэл ба Стандарт” үндэсний чуулганыг Монгол Улсын Шадар сайдын ивээл дор орон даяар зохион байгуулж байна.

Стандарт бол нэг агентлагийн эсвэл нэг салбарын асуудал биш. Нийт улс орны эрх ашиг, ард иргэдийн аюулгүй байдлыг хангах чухал эд эс нь юм. Манай улс сүүлийн 30 гаруй жил стандарт гэдэг чухал зүйлийг ор тас умартаж, орхигдуулсны тод жишээ нь өнөөгийн Улаанбаатар хот. Тухайн улсын нийт хүн амын 7-14 хувь нь нийслэлдээ оршин суудаг бол үүнийг стандарт хэмжээ гэж үздэг.

Гэтэл Монгол Улсын нийт хүн амын 50 хувь нь нийслэл хотдоо амьдардаг. Энэхүү нь стандарт хэмжээнээс даруй 3.5-7 дахин их үзүүлэлт учраас стандартыг шат шатандаа мөрдөж хэвшье, манайд өдгөө мөрдөгдөж буй 6000 гаруй стандартаас шаардлагатай хэсгийг нь шинэчилж цэгцэлье, орчин цагийн чиг хандлагатай уялдуулан илүү боловсронгуй болгоё гэдэг асуудлыг би Хотын дарга байхаасаа хөндөж ярьсан.

Монгол Улсын Шадар сайдын хувьд, гамшгийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний хувьд салбар бүрт стандарт мөрдөж хэвшүүлэх тал дээр илүү бодит үр дүн гаргахыг зорьж, “Стандарт ба хөгжил” үндэсний хөтөлбөрийг боловсруулж, батлан хэрэгжүүлэх хүрээнд “Нэг улс-Нэгдсэн стандарт” үндэсний хөдөлгөөнийг орон даяар эхлүүлээд байна.

Төр, хувийн хэвшил, иргэд олон нийтийн хамтын оролцоотойгоор стандарт мөрдүүлж, эрсдэлээс сэргийлэх, олон улсад жижиг болж буй даатгал, бонд, Эрсдэлийн сан бүрдүүлэх зэрэг санхүүгийн механизмуудыг нэвтрүүлэх асуудлыг “Эрсдэлтэй орчин ба Монгол хүн” сэдэвт илтгэлдээ онцлон, хэлэлцүүллээ.

Үндэсний чуулганд нийслэл, 21 аймаг, төр, иргэний нийгэм, хэвлэл мэдээллийн байгууллага болон НҮБ-ын Хүнс, Хөдөө аж ахуйн байгууллага, Хүүхдийн сан, Хүн амын сан, ДЭМБ, МУЗН зэрэг олон улсын байгууллагын 1500 гаруй төлөөлөл оролцож байна.

Нийтэлсэн: ulaanbaatarpost.МН

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UlaanbaatarPost.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү