Хотын дарга Д.Сумъяабазар, Түгжрэлийн сайд Ж.Сүхбаатар нар ёс зүйн хариуцлага хүлээж байна гээд албан тушаалаасаа огцрохоо мэдэгдсэн. Гэхдээ бөхийсөн төдийд хариуцлага гэж хараад зүгээр өнгөрнө гэвэл дэндүү том эндүүрэл.
Цавчаа ногоон буюу нийтийн тээврийн парк шинэчлэлээр худалдан авсан шинэ нэртэй хуучин автобуснууд хурдхан давхихад салж унахад бэлэн шахуу. Гэвч аль хэдийнэ татвар төлөгчдийн 18,000 ам.долларыг хэн нь мэдэгдэхгүй хоёр солонгосоор зуучлуулаад хаашаа ч юм шилжүүлчихсэн байгаа. Энэ мөнгийг хэрхэн яаж олж ирж, улсыг хохиролгүй болгохоо эрхэм дарга хэлсэнгүй. Яг энэ асуултыг тавьсан сэтгүүлчдийг барьж зодох шахам ууртайгаар “Би яаж мэддэг юм” гээд зандарч явсан Д.Сумъяабазар хувиасаа лав мөнгө гаргаж нийслэлчүүдийг хохиролгүй болгохгүй байх. Хоёрдугаарт авлига хороолол болон сүндэрлээд буй Aqua garden босох үндсэн суурийг мөн л тэр тавьсан. Гэвч “Би буруугүй ээ, намайг ийм үйлдэл хийлгэсэн хүн бол Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан” гэж гөрдөөд буув.
Ер нь Хотын дарга Д.Сумъяабазар өнгөрсөн хугацааны алдаа дутагдалтай ажил, аливаа Но–той үйлдэл бүр дээрээ бусад руу буруу чихэж, нийслэлчүүдэд худал хэлж яваа. Ядаж л авлига хорооллын шүүхэд оролцсон процессынхаа талаар огт дурддаггүй. Тэгсэн хэрнээ шүүхийг эхлээд буруутгасан. Хэрэв Д.Сумъяабазар хотын даргын хувиар нийслэл хотноо “эзний сэтгэл” гаргаж, авлига хорооллыг бариулахгүй гэж гурван шатны шүүхээр давж заалдаад явсан бол өнөөдөр авлига хороолол “босч” хэдэн арван хүн эд хөрөнгөөрөө хохирохгүй байх байлаа. Монголын Улсын Ерөнхий сайдад “Акуа хороолол хууль зөрчөөгүй, асуудалгүй, улстөржүүлээд байгаа юм” гэж жилийн өмнө яриа өнөөдөрч ч хэвлэлийн хуудсанд дуу, дүрстэйгээ байж л байна. Хэвлэлээр хүртэл “….шүүх ийм шийдвэр гаргачихсан учраас би яаж ч чадахгүй байна” гээд асуудлыг орхигдуулаад байгаа. Үхэхдээ үхэр буугаа тавина гэгчээр сүүлдээ авлига хорооллын газрыг цуцалсан хүн рүү буруу өгөв.
Бодит баримт хэлэхэд 2022 оны нэгдүгээр сарын 11-ний өдөр Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарын А/17 тоот “Газар эзэмших, ашиглах эрхийн талбайн хэмжээ, зориулалт өөрчлөх” тухай захирамжийн хавсралт хэсэгт “Эм Энд Жи Констракшн” ХХК-ийн “худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв цогцолбор” гэдэг зориулалттай байсан газар эзэмших эрхийн гэрчилгээг, “худалдаа, үйлчилгээ, орон сууц, сургууль, цэцэрлэг” болгож өөрчилж өгсөн. Хэрэв Д.Сумъяабазар А/17 тоот захирамж гараагүй бол “Авлига хороолол” өмнөх Су.Батболдын 2018 онд олгосон үйлчилгээ, усан паркийнхаа барилга байгууламжийг л барих боломжтой байсан. Мэдээж орон сууцны зориулалттай газар эзэмших эрхтэй болсон компани орон сууцаа л барьж таарна. Одоо тэнд усан парк байхгүй, амралт зугаалгын үйлчилгээний төв байхгүй. Харин Д.Сумъяабазар даргын нэмж зөвшөөрөл олгосон орон сууц бүхий 4 өндөр цемент л босчихоод байгаа. Өнгөрсөн зуны борооны ус Сэлбэ голын ай савнаасаа халж, ойр орчмынх нь олон зуун айл орон сууц, автомашинаараа хохирох үндсэн нөхцөлийг Aqua garden-ий 4 өндөр бүрдүүлсэн. Энэ хариуцлагыг хүлээх ёстой хүн бол зөвхөн Д.Сумъяабазар. Энэ мэтчилэн цавчаа ногооны хулгай, авлига хорооллоос үүдэлтэй үерт хотын дарга Д.Сумъяабазар л буруутай. Хэрэв тэр буруугүй байсан бол би албан тушаалаасаа чөлөөлөгдье гэж хэлэх хүн хэрхэвч биш. Тиймээс бөхийсөн төдийхнөөр хариуцлагаас мултарна гэвэл дэндүү том эндүүрэл Д.Сумъяабазар дарга аа!!!