Багануур, Налайх дүүргийн хэмжээнд нийт 1000 гаруй 6 настан нэгдүгээр ангид элсэн орлоо

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир нар өнөөдөр Багануур дүүргийн “Гүн галуутай” сургууль, Налайх дүүргийн 317 дугаар цэцэрлэг, 307 дугаар сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцож, баяр хүргэлээ.

Багануур дүүргийн хэмжээнд 2023-2024 оны хичээлийн жилд нийт 6699 сурагч Ерөнхий боловсролын сургуульд суралцахаас 609 нь энэ жил 1 дүгээр ангид шинээр орж буй зургаан настнууд байгаа бол Налайх дүүргийн хэмжээнд төрийн өмчийн 6, төрийн бус өмчийн 3 ерөнхий боловсролын сургуульд нийт 9260 сурагч суралцах бол, төрийн болон төрийн бус өмчийн нийт 14 цэцэрлэгт 2953 хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшихэд бэлэн болоод байна. Мөн энэ хичээлийн жилд Налайх дүүрэгт маань 410 сурагч бяцхан сурагч шинээр сургуулийн алтан босгыг алхан орж ирж байна.

Сургууль, цэцэрлэгийн чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, суралцагчдыг ая тухтай орчинд боловсрол эзэмшүүлэх, багш, ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдэх, ажлын орчин нөхцлийг сайжруулах ажлууд шат дараатай хийгдэж байна.

Тухайлбал, Налайх дүүрэгт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар энэ онд 26,8 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажил хэрэгжиж байгаагаас боловсролын салбарт 16,6 тэрбум төгрөгөөр сургууль, цэцэрлэгийн барилгын ажил хийгдэж байна.

Багануур дүүргийн боловсролын салбарт улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар энэ онд нийт 6.7 тэрбум төгрөгөөр 3 дугаар хороонд Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор баригдаж эхэлсэн бол 2 дугаар хороонд 100 хүүхдийн ортой цэцэрлэгийн барилга зэрэг бүтээн байгуулалтын ажил хийгдэж байгаа юм.

Мөн Багануур, Багахангай, Налайх дүүргийнхээ ерөнхий боловсролын сургуулийн сургалтын орчныг сайжруулах, сурагч, багш, ажилтнуудын сурах, хөгжих, ажиллах таатай орчныг бүрдүүлэх зорилтын хүрээнд хэдхэн хоногийн өмнө Багануур дүүргийн гурван цогцолбор сургууль, Насан туршийн боловсролын төвд 30 ангийн иж бүрэн хэрэгсэл ухаалаг самбар, багш, сурагч ширээ сандал зэрэг сургалтын хэрэглэгдэхүүнийг хүлээлгэн өгсөн байгаа.

Нийтэлсэн: ulaanbaatarpost.МН

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UlaanbaatarPost.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү