Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын үйл ажиллагааг олон нийтэд танилцууллаа

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын үйл ажиллагааг олон нийтэд танилцуулах, иргэдийн санал хүсэлтийг сонсох уулзалтыг өнөөдөр Багануур, Багахангай, Налайх дүүрэгт зохион байгууллаа.

Тус уулзалтад УИХ-ын гишүүн, Шадар сайд С.Амарсайхан, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа, УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир болон ХНХЯ-ны газрын дарга, харьяа байгууллагуудын удирдлагууд оролцож, салбарын үйл ажиллагаа, нийгмийн даатгалын багц хуулийн шинэчлэлийн талаар танилцуулан иргэдийн санал хүсэлтийг сонслоо.

Иргэдийн санал хүсэлтийг хууль дагаж мөрдөх дүрэм журмуудад тусгах юм.

Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчлэлийн талаар ХНХЯ-ны НДБХЗГ-ын дарга Б.Батжаргал, тэтгэвэр тэтгэмжийн нэмэгдлийг асуудлаар Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Ганцэцэг, Төрөөс хөдөлмөр эрхлэлтийн талаар баримталж буй бодлого сэдвээр Хөдөлмөр эрхлэлт, ажлын байрг дэмжих хэлтсийн дарга Б.Алтантулга мэдээлэл өглөө.

Өнөөдрийн уулзалтаар Нийгмийн даатгалд 55.4 мянган ажил олгогч, 1,139.0 мянган албан журмын даатгуулагч, 164.5 мянган сайн дурын даатгуулагчийг хамруулан, нийгмийн даатгалын сангаас жилд 761.2 мянган даатгуулагчид 4.1 их наяд төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж, төлбөр, зардал зэрэг 34 үйлчилгээг хүргэж буй бөгөөд Засгийн газраас “Итгэлцүүр шинэчлэн батлах, тогтоолд өөрчлөлт оруулах тухай”, “Тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай” зэрэг тогтоолыг хэрэгжүүлэн, нийгмийн даатгалын сангаас болон цэргийн тэтгэвэр тогтоолгосон 488,8 мянган иргэний тэтгэврийг шинэ итгэлцүүрийг баримтлан бодож, 10 хувиар нэмэгдүүлэн олголоо. Түүнчлэн 7 дугаар сарын 1-ээс эхлэн бүрэн тэтгэврийн доод хэмжээ 550 000 төг, хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээг 440 000 төгрөг боллоо.

Ингэснээр нийгмийн даатгалын сангаас олгож буй тэтгэврийн хэмжээ дунджаар 622.3 мянган төгрөгөөс 687.7 мянган төгрөг болж нэмэгдсэн бол нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээ 12.3 хувь, 2020 оноос хойш нэмэгдүүлээгүй байсан ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэний асаргааны тэтгэмжийн хэмжээ 2.2-3.2 дахин нэмэгдлээ.

Нийтэлсэн: ulaanbaatarpost.МН

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UlaanbaatarPost.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү