“Нүүдэлчин” соёлын наадам гурав хоног үргэлжилнэ

Монгол Улсын Засгийн газраас 2023-2024 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан энэ удаагийн соёлын биет бус өвийн их наадмыг “Нүүдэлчин” дэлхийн соёлын фистивалийг хоёр дахь жилдээ зохион байгуулж байна.

Тус наадмын нээлтэд Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан баяр хүргэж хэлсэн үгэндээ “Монголчууд бидний өвөг дээдэс эртнээс нааш Төв Азийн нүүдэлчдийн цөм байж, нэгдсэн төрт улсыг байгуулахдаа Алтайн нуруунаас Хянганы уулс, Байгаль нуураас Цагаан хэрэм хүртэлх өргөн уудам нутагт соёлын арвин их өвийг бүтээн хөгжүүлж, өвлүүлэн үлдээхийн сацуу дэлхий дахинаа Соёлын олон төрөл зүйлс үүсэн хөгжихөд онцгой үүрэг гүйцэтгэсэн гавьяатай билээ.

Аливаа улс орон, ард түмний бий болгосон соёлын өв нь тухайн үндэстэн, угсаатны бүлэг оршин тогтнох, бусдаас өвөрмөцөөр бодож, сэтгэх, бүтээж туурвих, амьдран хөгжих нөхцөлийг бүрдүүлэн хүн төрөлхтний соёлын олон төрлийг баяжуулж байдаг. Амьдрал хөгжлийн энэхүү ундаргыг хайрлан хамгаалж, хөхиүлэн дэмжиж, өвлөн уламжлах нь монголчуудын төдийгүй хүн төрөлхтний нэн тулгамдсан зорилтын нэг бөгөөд дэлхий даяараа тогтвортой хөгжлийг бүхий л салбарт эрэлхийлж байна. Биологийн болон соёлын олон төрлийг хамгаалж, тэтгэн дэмжихийн төлөө хүн төрөлхтөн нийтээрээ хүчин чармайлт гаргаж байгаа энэ цаг үед нүүдлийн соёл иргэншлийг хадгалж хамгаалах, өвлөн уламжлах, сурталчлан таниулах эрэлт хэрэгцээ, ач холбогдол улам бүр өсөн нэмэгдэж байна” хэмээгээд “Цаашид Монгол Улсын Их хурал, Засгийн газар нүүдэлчдийн баялаг өв соёлоо хадгалж хамгаалах, өвлүүлэн уламжлах, түгээн дэлгэрүүлэх, дэлхий нийтэд сурталчлан таниулахын зэрэгцээ соёлын үнэт өвүүдэд тулгуурласан соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлж, улс орныхоо нийгэм, эдийн засагт оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх чиглэлээр олон зорилтод хөтөлбөр төслийг хэрэгжүүлэх болно” гэсэн юм.

Тус соёлын биет бус өвийн их наадмыг зохион байгуулснаар уламжлалт соёлын ахуй орчин бүрдэж хүүхэд, залуус, үзэгч хэн бүхэн эх орон, соёл, уламжлалаа дээдлэн хүндэтгэж, соёлын биет бус өвийг цаашид хамгаалах, өвлөн уламжлах, суралцах зэрэг оюуны соёлын дархлаа бий болох өндөр ач холбогдолтой юм.

Энэ удаагийн “Нүүдэлчин” соёлын биет бус өвийн их наадамл хүрэлцэн ирсэн нүүдэлчид отоглох хэлбэрээр байрлан, наадамчин олонд зориулж эсгий хийх, айраг исгэх, сур боловсруулах, элдэх, нум сум харвах зэрэг тэргүүтэй уламжлалт монгол ахуйн арга ухаанаас суралцах боломжийг бүрдүүлснээрээ онцлог болж буй юм.

Мөн уг фестивальд хүрэлцэн ирсэн зочид соёлын биет бус өвийн 7 ай савын 362 төрөл зүйлийн хүрээнд: Аймаг нийслэлийн 22 отгоор зочилж, олон улсын соёлын өвийн өртөөгөөр аялан, шилдэг өвлөн уламжлагчдын зан үйлийн үзүүлбэр, гала тоглолт тэргүүтэй өвөрмөц тансаг урлагийн тоглолт үзэж, эрийн 3 наадмаар эхлэх үндэсний спортын 15 төрлийн уралдаан, тэмцээнийг сонирхон, соёлын бүтээлч үйлдвэрлэл эрхлэгч 167 аж ахуйн нэгжийн үзэсгэлэн худалдаа болон орон орны 9 үндэстний уламжлалт хоол хүнс, идээ ундааны үзэсгэлэн зэрэг 30 гаруй хөтөлбөрийн дагуу зохион байгуулагдах 700 гаруй сонин содон, шилдэг, онцлог тоглолт , үзүүлбэр, арга хэмжээг үзэж сонирхох боломжтой юм.

Тус наадмыг Налайх дүүрэгт байрлах Тайж хайрханы бэлд зохион байгуулж буй бөгөөд гурван өдөр үргэлжилнэ.

Нийтэлсэн: ulaanbaatarpost.МН

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UlaanbaatarPost.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү