Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргийг бууруулахад иргэдийн оролцоо чухал

“Хүн бүр байгаль хамгаалагч” сэдэвт зөвлөгөөнийг Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Цагдаагийн Ерөнхий газрын экологийн алба, Нийслэлийн байгаль орчны газраас хамтран зохион байгууллаа.

Уг зөвлөгөөнөөр Улаанбаатар хотын байгаль орчны салбарын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх арга замын талаар салбарын төлөөлөл, эрдэмтэн судлаачид зэрэг нийт 25 байгууллагын төлөөлөл оролцож, санал бодлоо илэрхийллээ. Сүүлийн жилүүдэд ургамал, ой мод сүйтгэх, газрын хэвлий болон ашигт малтмалыг хууль бусаар ашиглах, нэн ховордсон амьтдын агнах, гол мөрөн усыг бохирдуулах зөрчил, гэмт хэргийн гаралт нэмэгдэж байгааг зөвлөгөөний үеэр онцолсон юм. Байгаль орчны эсрэг гэмт хэргийг бууруулах ажлын хүрээнд авч буй арга хэмжээний талаар Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга Б.Батбямба “Холбогдох хууль тогтоомжийг иргэдэд таниулах зорилгоор мэдээлэл түгээх, сурталчлах, нийслэлийн онцгой бүсэд ой хээрийн түймэр гарахаас урьдчилан сэргийлж, онцгой байдлын албыг шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах, экологийн цагдаагийн албыг чадавхжуулах, байгаль хамгаалагчдыг тусгай тоноглол бүхий автомашинаар хангахад анхаарч ажиллаж байна” гэв. 

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө “Нийслэлд түгээмэл тархацтай ашигт малтмал олборлох зөвшөөрлийг хяналтгүй олгосноос болж ундны усны эх үүсвэр бохирдох, хөрсний доройтол үүсэх зэрэг олон асуудал үүсэж байна. Тиймээс сүүлийн гурван жилийн хугацаанд энэ төрлийн зөвшөөрлийг олгоогүй. Өмнө нь үйл ажиллагаа явуулж байсан компани, ААН-үүд байгаль орчин экологийн тэнцвэрт байдлыг алдагдуулсан тохиолдлууд цөөнгүй гаргасан” гэлээ. 

Нийслэлд голлон бүртгэгдэж буй байгаль орчны эсрэг гэмт хэргийн талаар ЦЕГ-ын Экологийн цагдаагийн албаны дэд бөгөөд дүн шинжилгээ, хяналт шалгалтын хэлтсийн дарга Т.Баатар “Иргэд усны тухай хууль тогтоомжийг зөрчиж Дундгол, Туул голд бохирдсон эд зүйл, хог хаях, булах зэрэг зөрчлийг түгээмэл үйлддэг. Мөн ховор болон нэн ховор амьтдыг агнаж хууль бусаар тээвэрлэх зөрчлүүд тасралтгүй гарсаар байна. Экологийн цагдаагийн албанаас цаг тухай бүрд нь зөрчил хэргийг илрүүлж, хуулийн дагуу арга хэмжээ авч байна” гэв.

Мөн зөвлөгөөнөөр Байгаль орчныг хамгаалах тухай хууль болон бусад холбогдох хууль, тогтоомж, салбарын бодлого, шийдвэрийн хэрэгжилт,  “Улаанбаатар хот орчмын усны чанарын судалгааны зарим үр дүн” зэрэг байгаль орчны тулгамдаж буй асуудал, тэдгээрийг шийдвэрлэхтэй холбоотой сэдвүүдээр салбарын төлөөлөл, эрдэмтэн судлаачид илтгэл танилцуулж,  хамтарсан зөвлөмж гаргалаа.  

Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМТ

Нийтэлсэн: ulaanbaatarpost.МН

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UlaanbaatarPost.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү