Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх, санал дүгнэлт боловсруулах ажлын хэсэг АТГ-т ажиллав

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооноос энэ сарын 04-ний өдөр Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай анхдагч хуулийн төслийн талаар мэдээлэл өгч, санал солилцох эхний хэлэлцүүлгийг зохион байгуулсан. Хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх, санал дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг, Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар, М.Оюунчимэг болон ажлын хэсгийн гишүүд өнөөдөр (2023.04.11) Авлигатай тэмцэх газарт ажиллаж, тус хуулийн төслийн талаар санал солилцлоо.

Авлигатай тэмцэх газраас иргэдээс ирүүлсэн санал гомдол, мэдээллийг хэрхэн авч, шийдвэрлэж байгаа болон хууль батлагдан гарсан тохиолдолд хэрхэн ажиллах боломж нөхцөлийн талаар ажлын хэсгийн гишүүдэд танилцуулсан.

Тус газраас иргэдээс өргөдөл гомдлыг өөрийн байгууллагын албан ёсны веб сайт, Facebook цахим хуудас, 110 тусгай дугаар болон биет байдлаар хүлээн авдаг байна.

Авлигатай тэмцэх газрын удирдлагууд хуулийн төсөлд орон нутагт салбаргүй төрийн байгууллагуудад хэрхэн ажиллах, орон нутгийн иргэд хэрхэн шүгэл үлээх боломжийг бүрдүүлэх, шүгэл үлээгч, мэдээлэл өгөгч хоёрын ялгаа заагийг тодорхой болгох болон ямар асуудал дээр урамшуулал олгохыг хуулийн төсөлд тодорхой тусгаж өгөх нь зүйтэй гэдгийг хэлж байлаа. Түүнчлэн хуулийн талаар иргэд олон нийтэд маш тодорхой мэдээ мэдээллийг олон давтамжтай хүргэх нь нэн чухал байна хэмээлээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Нийтэлсэн: ulaanbaatarpost.МН

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UlaanbaatarPost.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү