МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН БАНКИНД 49.7 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЭРГЭН ТӨЛӨЛТ ХИЙГДСЭН БАЙНА

Монгол Улсын Хөгжлийн банкны ажлын явцын мэдээлэл, цаашид авч хэрэгжүүлэх бодлогын арга хэмжээний талаарх мэдээллийг өнөөдөр /2022.02.25/ Хөгжлийн банкны удирдлагууд танилцуулж, сэтгүүлчдийн сонирхсон асуултад холбогдох хариултуудыг өглөө. Өнөөдрийн байдлаар зээлдэгч нартай 55 удаагийн уулзалт хийж 49.7 тэрбум төгрөгийн эргэн төлөлт хийгдсэн байна.

Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал Н.Мандуул хэлэхдээ: - “Томоохон зээлдэгч нар зээлийн эргэн төлөлтийн хугацаагаа сунгах, ханшийн хөрвөлт хийе  төгрөг рүү хөрвүүлэн төлөе зэрэг хүсэлтүүдийг тавьж байна. Чанаргүй зээлийг бид барьцаа хөрөнгөтэй, барьцаа хөрөнгөгүй гэж 2 ангилан авч үзэж шийдвэрээ гаргаж байгаа. Бидний зүгээс баримталж байгаа зарчим бол барьцаа хөрөнгийн асуудал хүндэрсэн, барьцаа гэх зүйлгүй, зориулалтын бусаар ашигласан бол хууль хяналтын байгууллагуудаар шийдвэрлэнэ. Уурхай, үйлдвэр зэрэг барьцаа хөрөнгөтэй байгууллагуудыг бизнесийн зарчмаар дэмжиж, цаашид ажиллуулахын тулд менежментийн өөрчлөлт хэрэгтэй.” гэв.

2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 02 дугаар сарын 24-ний өдрийн хооронд дараах ажлууд хийгдсэн байна.

  • МУХБ-ны Гүйцэтгэх захирлын тушаалаар Хяналт, шалгалтын ажлын хэсэг байгуулагдаж, МУХБ-аас санхүүжүүлсэн нийт 66 зээлдэгчийн бизнесийн үйл ажиллагаа, төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, зээлийн зарцуулалт, барьцаа хөрөнгийн чанар, байдлыг газар дээр нь хянан шалгаж байгаа бөгөөд одоогийн байдлаар хяналт шалгалтын ажлын гүйцэтгэл 75 хувьтай байна.
  • Монгол Улсын Их Хурлын даргын захирамжийн дагуу байгуулагдсан ажлын хэсэг өнгөрөгч 10 хоногийн хугацаанд МУХБ-нд байрлан ажиллаж байгаа бөгөөд нийт 27 удаагийн уулзалтаар 21,000 орчим хуудас цаасан суурьт баримт бичиг, 26.000 хуудастай дүйцэхүйц файл материал, нийт 47.000 орчим хуудас бүхий баримт бичгүүдийг хүлээлцсэн.
  • Энэ хугацаанд Монгол Улсын Хөгжлийн банкнаас АТГ газарт болон Эрүүгийн цагдаагийн албаны эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газарт тухайн зээлдэгч бүрийн хувийн хэрэгт багтаж байгаа баримт бичгүүд болох зээлийн хорооны шийдэр, ТУЗ-ын тогтоол, холбогдох дүгнэлт, танилцуулгууд багтсан нийт 20.000 орчим хуудас бүхий цаасан суурьт  баримт бичгийг хүлээлгэн өгсөн.

 

Хөгжлийн банкнаас олгосон хугацаа хэтэрсэн, чанаргүй ангилалд хамруулсан нийт 52 зээл нь Хөгжлийн банкны тухай хууль, Зээлийн журам, зээлийн бодлогын баримт бичиг зэрэг хууль тогтоомжийн дагуу олгогдсон эсэх, Хөгжлийн банкны эрх бүхий албан тушаалтнууд албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж, зээлдэгч аж ахуйн нэгжүүдэд давуу байдал бий болгож, хууль бусаар олгосон эсэх, хахууль авч, төрд хохирол учруулсан эсэхийг тогтоохоор дээрх холбогдох байгууллагуудтай хамтран чанаргүй зээлэгчидтэй холбоотой нийт 55 удаагийн биечлэн уулзалт хийсэн. Мөн энэ хугацаанд АТГ-ын мөрдөн шалгах хүрээнд Хөгжлийн банкнаас зээл авсан чанаргүй зээлдэгчид болон холбоотой этгээдийн 170 орчим дансыг захиран зарцуулахад хязгаарлалт тогтоож, битүүмжлэн шалгаж байна.

Нийтэлсэн: ulaanbaatarpost.МН

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UlaanbaatarPost.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү