Гурван сар саатсан Эрдэнэтийн зэсийн баяжмалыг Замын-Үүд боомтоор экспортлож эхэллээ

Цар тахлын үед хилийн боомтын үйл ажиллагааг сайжруулах Шадар сайд С.Амарсайханы ахалж буй ажлын хэсэг өчигдөр цахимаар хуралдлаа. Энэ үеэр Шадар сайд өмнө өгсөн үүрэг чиглэлийнхээ биелэлтийг шалгаж, цаашид авч хэрэгжүүлэх ажлын талаар хэлэлцлээ.

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 237 вагон бүхий 16 мянга орчим тонн зэсийн баяжмал 2021 оны 11 дүгээр сараас хойш урд хилээр нэвтэрч чадахгүй, гацсан байсан. Цар тахлын үед хилийн боомтын үйл ажиллагааг сайжруулах ажлын хэсэг байгуулагдсанаар уг асуудалд анхаарч ажилласны дүнд бүрэн шийдвэрлэгджээ. Өнөөдрийн байдлаар 102 вагон зэсийн баяжмал урд хилээр нэвтэрч, БНХАУ-ын нутагт ороод байна. Цаашид өдөрт 50 вагон баяжмалыг хилээр нэвтрүүлэхээр бэлтгэл ажлаа хангасан гэлээ.

Дотоодын барилгын материал үйлдвэрлэгчдийг бодлогоор дэмжинэ

Хуралдаанаар Шадар сайдын өгсөн үүрэг чиглэлийн дагуу Барилга, хот байгуулалтын яам болон Зам, тээврийн хөгжлийн яамны хамтарсан ажлын хэсгийнхэн барилгын материалын жилийн хэрэгцээ, шаардлагын судалгааг гаргаж цаашид нөөц бүрдүүлэхэд авах арга хэмжээний талаар тайлагнасан юм.

2020, 2021 оны хэрэглээг харьцуулан судалахад энэ онд барилгын материалын хэрэгцээ өсөх хандлагатай байгаа аж. Тухайлбал, арматурын төмрийн хэрэглээ 10-20 хувиар өсөх төлөвтэй байгаа юм байна. Үүнийг дагаад барилгын материалын үнэ цаашид ч өсөх хандлага ажиглагдаж буйг хэллээ. Одоогоор барилгын материалын үнэ 2-6 дахин нэмэгдсэн байна. Энэ жил худалдан авах, тендер зарлах, сонгон шалгаруулах ажил эрт эхэлсэнтэй холбоотойгоор барилга угсралтын ажил ч эрт эхлэнэ хэмээн тооцож буй аж. Тиймээс холбогдох албаныхан нөөц бүрдүүлэлтийн ажилд анхаарч ажиллаж буй. Хилийн боомтын чингэлэг тээвэр нэвтэрч эхэлсэнтэй холбоотойгоор арматурын төмрөөс бусад материалын нөөц хангалттай байгааг холбогдох албаныхан хэлсэн юм. Харин арматурын төмрийг чингэлэг тээвэрт ачих боломжгүй байгаа бөгөөд үүнд анхаарч ажиллах шаардлагатай байгаа гэлээ.

Хуралдаанаар Шадар сайд С.Амарсайхан дараах үүрэг, чиглэлүүдийг өгсөн юм.

Барилгын материалын татан авалтыг сайжруулах, үнийн хөөрөгдлийг бууруулах, нөөц бүрдүүлэх ажлыг онцгойлон анхаарч ажиллах үүргийг БХБЯ, ЗТХЯ-ны ажлын хэсгийнхэнд анхааруулж, энэ нь хаврын бүтээн байгуулалтын ажилтай шууд холбоотой тул анхаарч ажиллахыг үүрэг болгосон юм. Мөн дотоодын барилгын материалын үйлдвэрлэлийг тууштай бодлогоор дэмжих, зарим тохиолдолд хөнгөлөлтөд хамруулах бодлого боловсруулж Засгийн газрын хуралдаанд яаралтай оруулах ажлыг үүрэг болголоо.

Үүний зэрэгцээ ГХЯ, ЗТХЯ-ны холбогдох мэргэжилтнүүд, ажлын хэсгийнхэнд Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажил өрнөж буй энэ үед шаардлагатай тоног төхөөрөмж, материалыг хилээр яаралтай оруулж ирэх, БНХАУ-аа ачаа тээврийг нарийн царгиар татах авах асуудлыг энэ 7 хоногт шийдвэрлэж дуусгах үүргийг тус тус өглөө.

Түүнчлэн ажлын хэсгийнхнийг Сар шинийн баяртай холбоотойгоор ажлаа цалгардуулахгүй, халдвар хамгааллын дэглэмээ сулруулалгүй ажиллахыг санууллаа.

Нийтэлсэн: ulaanbaatarpost.МН

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UlaanbaatarPost.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү