Хордлого гарсан Зайсан дахь KFC одоогоор хаалттай байна...

Энэ сарын 12-ны өдөр ХӨСҮТ дээр нэг гэр бүлийн 5 хүн хоолны хордлогын шинж тэмдэгтэйгээр анх ирсэн хэвлэлүүдээр мэдээлж эхэлсэн. Хордлогын шатгааныг тодруулж үзэхэд Зайсан дахь KFC сүлжээ хоолны газарт хооллосон байдаг. Энэ мэдээллийн мөрөөр мэргэжлийн баг ажиллаж, дээрх газар очиж ажиллаж судалгаа хийж байх үеэр дахин хэд хэдэн хүн хоолонд хордсон гэсэн  дуудлага мэдээлэл  иржээ. Хоёрдугаар сарын 8-наас хойш тус газраар үйлчлүүлсэн 70 гаруй хүн хордлого авснаас эмнэл зүйн хурц шинж илэрсэн хүмүүсийг эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа.

Одоогоор хүнсний аюулгүй байдлын лабораторид шинжилгээ хийгдэж байгаа бөгөөд зарим хариу нь өнөөдөр, зарим нь ирэх даваа гараг гарах ажээ. Харин хордлого гарсан Зайсан дахь KFC одоогоор хаалттай байна. Энэ асуудалтай холбоотойгоор хяналт шалгалтын явц байдлын талаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас энэ сарын 15-ны өдөр мэдээлэл хийлээ.

НМХГ-ын албаны хүмүүс “KFC сүлжээ газарт хоол идсэн 16 хүний зарим нь усархаг гүйлгэх,  зарим хүн нь бөөлжих,  дотор нь муухайрах, өндөр халуурах эмнэлзүйн шинж тэмдэгтэй хүмүүс ирж, ХӨСҮТ-д эмчлүүлж байна” гэсэн мэдээлэл хоёрдугаар сарын 12-ны 15:00 цагт ирсэн. Мэдээлэл ирсний дагуу Зайсан дахь KFC сүлжээ хоолны салбарт Хан-Уул дүүргийн мэргэжлийн хяналтын гурван байцаагч очиж, ажилласан.

Тухайн салбарын хоолны сав, тоног төхөөрөмжөөс 20 арчдас, хоёрдугаар сарын 9, 10, 11-ний өдрүүдийн 39 төрлийн хоолны дээж, агаарын 4 сорьц, ундны усны сорьцоос дээж авч шинжлүүлсэн. Мөн тухайн салбарт ажилладаг 28 хүн бүрээс нян тээх шинжилгээ авч, ХӨСҮТ-ийн лабораторид шинжлүүлэхээр хүргүүлсэн. Одоогоор шинжилгээний хариуг өгөөгүй байна. Тухайн асуудал дээр Зөрчлийн тухай хуулийн 1.8-д  заасны дагуу зөрчлийн хэрэг нээн, шалгаж байна. Прокурорын байгууллагад Зайсан салбарын KFC хоолны газрыг түр зогсоох саналаа хүргүүлсэн.

Энэ дагуу Зайсангийн KFC хоолны салбарыг прокурорын байгууллага түр зогсоох арга хэмжээг хоёрдугаар сарын 13-ны өдөр авсан. Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс шинжилгээний хариу гарсны дараа шалтгаан нөхцөл нь тодорхой болно. Өмнө нь үүн шиг олон хүнийг хамруулсан хоолны хордлого болж байгаагүй” гэсэн  тайлбар хийлээ.

Нийтэлсэн: ulaanbaatarpost.МН

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UlaanbaatarPost.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү