УИХ-ын даргыг албан тушаалаас нь чөлөөлөх асуудлыг ирэх мягмар гарагт хэлэлцэж шийдвэрлэнэ

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Ж.Батзандан, Л.Болд, Х.Нямбаатар нар УИХ-ын даргыг албан тушаалаас нь чөлөөлөх талаарх тогтоолын төслийг өнөө өглөө (2019.01.25) УИХ-ын дарга М.Энхболдод өргөн барьсан.

Үүний дагуу дөнгөж сая УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдаж, Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдыг албан тушаалаас нь чөлөөлөх тухай асуудлыг хэрхэн хэлэлцэхээр шийдвэрлэсэн талаар УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Тэрбээр, “Монгол Улсын Их Хурлын тухай болон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд зааснаар нам, эвслийн бүлгийн хуралдааныг долоо хоногийн Даваа гарагт, Байнгын, дэд, түр хороодын хуралдааныг Мягмар, Лхагва гарагт, харин УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг долоо хоногийн Пүрэв, Баасан гарагт тус тус хуралдуулахаар хуульчилсан байдаг. Иймд Даваа гарагт чуулганы нэгдсэн хуралдааныг хуралдуулах боломжгүй учраас ирэх долоо хоногийн Мягмар гараг буюу 2019 оны нэгдүгээр сарын 29-ний өдрийн 10.00 цагт Төрийн байгуулалтын байнгын хороог хуралдуулсны дараа УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг хийхээр тогтлоо. Уг тогтоолын төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэн шийдвэрлэх УИХ-ын даргын захирамж гарлаа” гээд УИХ-ын даргын захирамжийг танилцууллаа.

Нийтэлсэн: ulaanbaatarpost.МН

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UlaanbaatarPost.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү