ХОТЫН АЖЛЫГ ХОРОН УЛСТӨРЖИЛТӨӨР ТУШИХ ХЭРЭГГҮЙ

Хотын иргэд, оршин суугчдыг эрүүл, аюулгүй, тохь тухтай орчинд ажиллаж, амьдарч, амрах боломж нөхцөлөөр хангахад хот нийтийн аж ахуйн бүтээн байгуулалтын ажлын гол утга учир оршдог. Тэр тусмаа улсынх нь хүн амын тал хувь нь аж төрж буй Улаанбаатар шиг хотод аж ахуйн ажил хэзээд мундахгүй. Халдварт коронагийн дэгдэлтийн үе байлаа гээд хотын аж ахуйн ажил зогсоно гэвэл түүн шиг үлгэр байхгүй. Тэгвэл нийслэлчүүд хогондоо дарагдаж, бохиртоо утуулж, халдвар тархах эрсдэлийг бүр ч илүү нэмэгдүүлэх аюултай. Тэр тусмаа төв талбайн цэцэрлэгт хүрээлэндээ наад захын стандартын шаардлага хангахгүй жорлон тавьчихаад, үмхий самхай ханхлуулж ирсэн нийслэлчүүд бид өнөөгийн эрсдэлт нөхцөлд нэгийг бодож хоёрыг тунгаамаар санагдана. Үнэндээ л их хотын иргэд оршин суугчид бидэнд орой үдэш агаар салхинд гарангаа хөлөө амрааж, хүүхдүүдээ саатуулан тухлах ая тухтай газар, нийтийн эзэмшлийн гудамж талбай, цэцэрлэгт хүрээлэн илт үгүйлэгддэг нь нууц биш.

Энэ ч үүднээс хувийн компанид эзэмшүүлээд 13 жил болсон байсан, зүгээр ч үгүй бас банкны барьцаанд тавьсан байсан Сүхбаатарын талбайн урд талын 2,5 га газрыг нийлэлийн мэдэлд буцаан авч, улмаар тохижуулах ажлын бэлтгэлийг  өнгөрсөн жилээс хангаж ирсэнд иргэний хувьд би талархан дэмжиж байсан. Зураг төсөл, төсөв, төлөвлөгөө нь бэлэн болоод ажлаа эхлэхийн даваан дээр корона гарч, хөл хорио өндөржүүлсэн бэлэн байдал зарлахад нь юун талбайн тохижилт манатай болох вий хэмээн бас эмээж байсан юм. Харин төр, засаг коронагийн эсрэг урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг шуурхай авч ажиллаж байгаа шигээ хотын ажил амьдралыг ч үргэлжилдгээр нь үргэлжлүүлэхээ мэдэгдэхэд дотроо баярлаж байв. Гэтэл коронагаас ч хорлонтой бас нэгэн “цар тахал” дэгдсэн нь 2020 оны УИХ-ын сонгуулиас улбаатай улстөржилт байх нь тэр. Улс төрийн,  бизнесийн, мөнгө санхүүгийн гээд олон талын эрх ашиг, ашиг сонирхлоороо нэгдсэн хүмүүс хонхтой цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилтын ажлыг зориуд мушгин гуйвуулж, олон нийтээс тал олж авах санаархалтай байгаа нь улам бүр тодорхой болоод ирэх шиг.

Одоо бүр аль 5 жилийн өмнөх хаврын тохижилтын зураг тавиад, С.Амарсайхан Төв талбайн урд талын мод бут сүйтгэлээ гэж мушгин гуйвуулж хүртэл үзэв.

Дэлхий нийтээрээ эдийн засаг уруудах тийш хандаж, амьдрал амаргүй, орлого хүрэхгүй болж эхэлж байгаа нь үнэн. Гэхдээ одоо яриад байгаа эмнэлэг барьж өвчлөлөөс сэргийлэх, үйлдвэр барьж ажлын байр нэмэгдүүлэх бодлогыг чинь хотоос илүүтэй Засгийн газар, холбогдох яамд гаргаж, ажил хэрэг болгох үүрэгтэй гэдгийг мэдэж баймаар сан. Нийслэл хот эрх үүргийнхээ хүрээнд хийх ёстой ажлуудаа хийж байгааг бид бэлхнээ харж буй. Их хотын хүн амын 65 хувийг бүрдүүлж байгаа 35 хүртэлх насны хүүхэд, залуусаа төлөөлөөд ганц зүйл хэлье. Жилийн дөрвөн улирлын турш ашиглах боломжтой эл тохижилт бүтээн байгуулалтыг залуус дэмжиж байгаа юм шүү. Харин ард түмний нэр барьж хотын ажилд бохир улстөржилтөө битгий хутгаач!

Нийтэлсэн: ulaanbaatarpost.МН

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UlaanbaatarPost.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү