Богдхан төмөр замын трассын дагуух газрыг тусгай хэрэгцээнд авна

Нийслэлийн ИТХ-ын Зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах саналыг хэлэлцлээ. Богдхан төмөр замын бүтээн байгуулалтын ажилтай холбогдуулан Сонгинохайрхан дүүргийн 21, 32 дугаар хороо, Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрээс төмөр замын чигийн дагуух 496 га зурвас газрыг тусгай хэрэгцээнд авах саналыг боловсруулсан байна. Богдхан төмөр замын трассын нийт урт нь 144.9 км урт бөгөөд нийт 1207 нэгж талбарыг дайран өнгөрч байгаа юм. Тиймээс трассын дагуух газрын хил заагийн эргэлтийн цэгийн солбилцол, талбайн хэмжээг тогтоож, бүтээн байгуулалт хийх газруудад шинээр газар олгохгүй байх, барилга байгууламж барихыг хориглох талаар арга хэмжээ авч ажиллах аж. Энэ асуудлыг Нийслэлийн ИТХ-ын ээлжит хуралдаанаар хэлэлцэхийг дэмжлээ. 

Зуслангийн бүсийн газар ашиглалтын талаарх мэдээллийг танилцуулав 

Хуралдаанаар мөн Нийслэлийн нутаг дэвсгэр дэх зуслангийн бүсийн газар ашиглалт, цаашдын чиг хандлагын талаар хэлэлцэв. Нийслэлийн зуслангийн бүсэд нийт 80808 нэгж талбар, 6245 га газар хамаарч байна. Эдгээр газрын эрхийн 24 нь ашиглах, 76302 нь эзэмших, 4482 нь өмчлөх хэлбэртэй байгаа аж. Зуслангийн бүсэд цаашид хэд хэдэн арга хэмжээ авахаар төлөвлөсөн байна. Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас хүн амын экологийн үйлчилгээ авах бүсэд газар ашиглах, хамгаалах журам боловсруулах менежментийн бодлого хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Мөн газар ашиглах гэрээг шинэчлэх, үр дүнг тооцох, хяналт тавих арга, аргачлалыг боловсруулж батлуулах юм байна. Түүнээс гадна ой бүхий газар болон ойн тэлэн ургах нөөц газарт олголтыг хориглох, одоо байгаа газар ашиглалтуудад нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэх аж. Тэр тусмаа дэглэм хангаагүй нэгж талбаруудыг ашиглалтаас чөлөөлөх, хуримтлагдах нөлөөллөөс хамаарч газрын төлбөр, татварын хэмжээг тогтоодог болох талаар танилцуулав. Хэлэлцүүлгийн үеэр төлөөлөгч П.Ганзориг ойн зурвас болон голын эх рүү орж, зуслангийн байшин болон бусад обьект байгуулсан иргэд, аж ахуйн нэгжүүдийн нэгдсэн тоо, мэдээллийг тодруулсан юм. Харин М.Тулгат төлөөлөгч уулын амыг хашсан, иргэд ногоон бүс рүү зорчих боломжгүй байдлаар хаасан хашаа, хаалтын асуудлыг хөндлөө. Иргэд ногоон байгууламжид алхах, зугаалах боломжийг бүрдүүлэх талаар холбогдох албаныханд мөн сануулав. 

Товчхон: 

  • Нийслэлийн ИТХ-ын ээлжит хуралдааныг 2022.03.30-ны пүрэв гарагт хуралдуулахаар зөвлөлөөс шийдвэрлэв. 

Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМТ

Нийтэлсэн: ulaanbaatarpost.МН

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UlaanbaatarPost.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү