Хөгжлийн банкны чанаргүй зээлээс 165 тэрбум төгрөгийн өр төлөгджээ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны тавдугаар сарын 04-нд болж, Монгол Улсын Хөгжлийн банкны зохистой харьцааг сайжруулах чиглэлээр авах арга хэмжээний саналын талаар Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанд танилцуулга хийлээ.

“Засгийн газар өнгөрөгч нэгдүгээр сараас Хөгжлийн банкны чанаргүй зээлийг богино хугацаанд төлүүлэх ажилд шуурхайлан орсон. Богино хугацаанд бодитой үр дүн гаргах хэрэгтэй байна. Чанаргүй зээлүүд хөдөлгөөнд орж, өр төлөгдөж байна. Хөгжлийн банкны чанаргүй зээлээс 165 тэрбум төгрөгийн өр төлөгдөөд байна. Энэ онд чанаргүй зээлийн гуравны нэгийг төлүүлэх зорилт тавьж байгаа” гэж Сангийн сайд мэдээлэл хийхдээ хэллээ.

Монгол Улсын Хөгжлийн банкны чанаргүй зээлийн авлагыг төлүүлэх ажлыг эрчимжүүлж, үүсэж болзошгүй эрсдэлийг судлан үзэж санал дүгнэлт танилцуулах, шаардлагатай арга хэмжээг авч ажиллах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулахаар тус хуралдаанаас шийдвэрлэлээ.

Мөн Хөгжлийн банкны зээлдэгч аж ахуйн нэгжүүд, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн авсан чанаргүй зээлийн ангилалд багтсан зээлийн талаар авах арга хэмжээний санал, шийдвэрийн төслийг боловсруулж, Засгийн газрын ирэх долоо хоногийн хуралдаанаар хэлэлцүүлэхээр боллоо.

Нийтэлсэн: ulaanbaatarpost.МН

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UlaanbaatarPost.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү