Бага хурлын сүүлчийн өдөр Исламын Бүгд Найрамдах Иран Улсын Гадаад харилцааны сайд Мохаммад Зариф, Бүгд Найрамдах Турк Улсын Батлан хамгаалахын сайд Хулуси Акар, Оросын Холбооны Улсын Гадаад харилцааны дэд сайд Сергей Вершинин зэрэг бага хуралд оролцогчид Ойрхи Дорнодын бүс нутгийн нөхцөл байдал, Сири Улс дахь зэвсэгт мөргөлдөөний талаар хэлэлцүүлэг хийв.
Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар мөн өдөр ХБНГУ-ын Гадаад харилцааны Дэд сайд Нийлс Аннентэй уулзаж, МАББХ-ын талаар болон Зүүн Азийн бүс нутаг, олон улсын аюулгүй байдлын асуудал, хоёр улсын харилцааны талаар ярилцав.
Түүнчлэн Гадаад харилцааны сайд “Агора Стратеги Групп” хувьцаат нийгэмлэгийн төлөөлөгч Пиерре Лэллуш болон гүйцэтгэх захирал Тим Гюртлер нартай уулзаж, Монгол Улстай хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов.
МАББХ-ын тэргүүн, Элчин сайд В.Ишингэр хурлыг хааж хэлсэн үгэндээ оролцогч талууд олон улсын харилцааны түвшинд ярилцаж шийдвэрлэх тулгамдсан нэн амаргүй асуудлууд, нөхцөл байдал үүсээд байгааг хүлээн зөвшөөрч байна. Мөн олон улсын хууль тогтоомжийг эрх мэдэлтнүүдийн үзэмж, сонирхолд нийцүүлэн ашигладаггүй, харин энгийн иргэдийн эрх ашгийн манаанд үйлчлүүлэх чиглэлээр хэрэглэдэг соёлыг нэвтрүүлэхийн чухлыг цохон тэмдэглэв. 56 дахь удаагийн Мюнхений аюулгүй байдлын бага хурал 2020 оны 2 дугаар сарын 14-ний өдөр зохион байгуулагдана.